“Монголын Телевизүүдийн Форум 2017” тухай үнэлэлт, дүгнэлт

Ч. Номин нарын санаачилсан “Монголын Телевизүүдийн Чуулган” дөрөв дэх удаагаа болж өнгөрлөө.

Чуулганд 218 хүн оролцов. Хамааралтай хүмүүсийг урьсанаас гадна оролцохыг хүссэн хүн, байгууллага их байсан нь хүмүүсийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болсоныг харууллаа. Оролцохыг хүссэн хүн бүхний оролцоог аль болох хангах талаар дараагийн чуулганд анхаарах шаардлагатай нь анзаарагдав. МҮОНРТ идэвхитэй олон төлөөлөл оролцуулж санал, туршлага солилцсонд оролцогчид талархалтай хандаж байв.

Зохион байгуулалт, цаг барилт зэрэг нь бусад хуралдаан, арга хэмжээнүүд ч үлгэр авахуйц боллоо.

Хэлэлцэх сэдэв, агуулгыг өмнө нь санал авахаар зар түгээсэн ч идэвх муу байсанд анхаарах шаардлагатай.

Оюуны Өмчийг Хамгаалах Нийгэмлэг байгуулагдсанаа зарлаж, оюуны өмчийг дээдлэн ажиллахаа илэрхийлсэн байгуулагууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь том дэвшил, бусдад зөв эерэг уриалга болсон.

Дараагийн удаа студи, продакшний питч презентаци тавих, шалгарсаныг санхүүжүүлэх хэсгийг оруулахаар боллоо.

Мөн зар сурталчилгааны арилжааны системийг GRP д суурилсан болгох, ТВ, реклам олгогчид зэргийг төлөөлөл бүхий JIC буюу салбар дундын шударга өрсөлдөөн, үнийн бодлого тодорхойлох зөвлөл маягийн бүтэц шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч, цаашид энэ чиглэлд ажиллахаар санал дэвшүүллээ.

Өнгөрсөн хугацаанд салбарын бодлого тодорхойлогчид зохицуулагчид,телевизийн бизнес эрхэлгч, контент үйлдвэрлэгчид, дамжуулагч, түгээгч, судлаачид нэгэн дор нэгдэн цугларч, асуудал шийдлээ нээлттэй илэн далангуй ярилцдаг талбар нэгэнт болж чаджээ. Цаашид улам төгөлдөршүүлэн оролцоог хангасан, хэлцдэг, ярилцдаг нээлттэй платформ хэлбэрээ хадгалан явах нь зүйтэй гэж үзэж байна.